Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын спортын 38-р бага наадмын аваргууд тодорлоо

Х.Хатнаа, toperdenet.mn
2016 оны 10 сарын 25

      Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын бага наадам 38 дахь удаагаа болж, өндөрлөлөө. Спортын наадам 9 хоног үргэлжилж, спортын 10 төрлөөр 381 багц медалийн эздийг тодруулсан байна.  

     Спортын наадамд нийт 1300 ажилтан ажилтан оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, олс таталт, шатар даам, үндэсний бөх, усан поло, бадминтон зэрэг 10 төрлөөр өрсөлдөв. Шатрын төрөлд Баяжуулах үйлдвэр тэргүүлж, Технологийн сургууль удаалсан бол бадминтоны төрөлд Сэлэнгэ амралтын бааз тэргүүлж, Засвар механикийн завод 2-р байр эзэллээ. Усан сэлэлтээр Баяжуулах үйлдвэрийн тамирчид, ширээний теннисээр мөн Баяжуулах үйлдвэр, даамны төрөлд Авто тээврийн байгууллага, олс таталтын эмэгтэй тамирчдаас Баяжуулах үйлдвэр, эрэгтэй тамирчдаас Тээвэр ложистикийн албаны тамирчид тус тус тэргүүллээ. Сагсан бөмбөгийн төрөлд Баяжуулах үйлдвэр тэргүүлж, волейболын эмэгтэй төрөлд Засвар механикийн заводын хамт олон бусад цехийн баг тамирчдаа хошуучилсан байна.
     Спортын наадамд багийн дүнгээр Баяжуулах үйлдвэрийн хамт олон 13 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүн байр эзэллээ. Гэрээт цагдаагийн хэлтэс, Үйлчилгээ аж ахуйн албаны хамтарсан баг 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалиар 2-р байр эзэлж, Засвар механикийн заводын тамирчид  2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийн болзол хангаж, 3-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.
     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын Спортын 38-р бага наадам өмнөх жилүүдээс өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв