Х.Золжаргал: Би парламентад ороод УИХ-ыг Их хурал шиг байлгахын төлөө тэмцмээр байна

Foto

УИХ-ын Сонгуулийн 47-р тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Хадбаатарын Золжаргалтай ярилцаж байна. Сонгууль эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Хадбаатарын Золжаргал Эрдэнэтэд дахин ирж нэр дэвшлээ” гэсэн мэдээлэл иргэд сонгогчдод нэлээд сайн хүрчээ. Гэхдээ иргэдийн асууж буй нэг асуулт байна. Х.Золжаргал АН-аас яагаад хөөгдсөн  бэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнд албан ёсны хариулт аваад яриагаа эхэлье?

 

-Би хөөгдөөгүй, өөрөө гарсан. Би тавдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн АН-д өргөдлөө өгч, тодорхойлолтоо аваад ИХН-д элссэн. Тэгээд яг тэр өдрөө ИХН-аас УИХ-д намайг дэвшүүлэх шийдвэр гараад, СЕХ-нд материалаа бүрдүүлж өгөөд нэр дэвшсэн. Би АН-аас гараагүй байсан бол Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшүүлэхгүй, Сонгуулийн ерөнхий хороо ч бүртгэж авахгүй байсан. АН-аас би сайн дураар өргөдлөө өгч гарсан. Хамгийн инээдтэй нь намайг намаас гарснаас хойш 15 хоногийн дараа АН-ындарга намайг “хөөлөө гэдэг” мэдээлэл, тушаал гаргаад хэвлэл мэдээллийн байгууллагаар цацлаа. Энэ бол маш инээдтэй үйлдэл болсон. Би сонгуулийн сурталчилгааны нээлтэн дээрээ шонхордох гэж үгийг маш хатуу ярьсан. Үүнд ихээхэн эмзэглэж, намайг намаас хөөгдсөн хүн болгон харуулах гэж ийм шоу хийлээ гэж бодож байна.

 

-Яагаад заавал Эрдэнэтээс УИХ-д нэр дэвших болсон шалтгааныг тодруулвал?

 

-УИХ-д нэр дэвших гэдэг ойлголтыг дэлгэрэнгүй ярьмаар байна.  Нэгдүгээрт, УИХ гэж ямар байгууллага вэ, Их хурлын гишүүд ямар ёс зүйтэй байна вэ гэдгийг хамтдаа ярилцах цаг болсон. Манай сонгогчид энэ талаар бодож байгаа байх. Өнгөрсөн 2012 оны УИХ ажлаа хэрхэн гүйцэтгэсэн бэ, УИХ-ын гишүүд ямар ёс суртахуунтай хүмүүс байсан бэ. Монголын төлөө ямар асуудлуудыг шийдэв, ямар хэл ам дагуулав, хувийн эрх ашгаа бодсон юу хийцгээв. Монгол улсад 2012 оны Их хурал үүргээ биелүүлсэн үү,  үгүй юу гэж асуувал, би биелүүлээгүй гэж бодож байна. Монгол Улсын парламентын түүхэнд үүргээ хамгийн муу биелүүлсэн, ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлсэн УИХ гэж бодож байна. Би яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа олон асуудлыг УИХ-д орж танилцуулсан, тайлбарлаж ярьсан. Хуулиуд, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолыг орж хамгаалдаг, тайлбарладаг байсан. Би өнгөрсөн хугацааны УИХ-ын гишүүдийг ажлаа яаж хийдэг байсныг сайн мэднэ. Монголчуудын бодож байгаагаар энэ хүмүүс маш хариуцлагагүй, өөдгүй, хувийн эрх ашгаа өндөрт тавьсан хүмүүс дөрвөн жил Их хуралд суулаа гэж бодож байна. Би тэмцмээр байна, парламентад ороод  УИХ-ыг Их хурал шиг байлгахын төлөө тэмцэнэ. Монгол улсыг удирдан залж яваа УИХ-ын гол үүрэг нь хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх ёстой.

 

Засгийн газрыг хуулиа хэрэгжүүлэхийг нь хянаж, шалгаж, шаардах ёстой байгуулага юм. Энэ ажлаа УИХ-ын гишүүд хийж чаддаггүй. Гишүүдийн талаас илүү хувь нь Засгийн газар ямар үйл ажиллагаа, бүтэцтэй, яаж ажиллаж, юу хийдэг вэ гэдгийг огт мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, биеэ тоосон, хамраа сөхсөн хүмүүс сэлгүүцээд явж байдаг. Туршлагатай хэдэн хүмүүс нь юмаа санаачлаад очиход “тэр өдрийн тэнгэр мэднэ “ гэдэг байдлаар кнопддог, ийм байдлаар асуудалд ханддаг. Үүнээс болоод Монгол Улс хөгжихгүй байна, хөрөнгө оруулалт хийгдэхгүй, ажилгүйдэл олон оронтой тооноос давж байна. Монголд хууль ёс хэрэгжихгүй байна. Би зургаан жил Засгийн газарт ажиллаж, тодорхой мэдлэг чадвар, туршлага суучихаад хар амиа бодоод байж чадахгүй. Би УИХ дотор нь ороод үзэл бодлоо илэрхийлж, зөв, шударга байхын төлөө буруу бусармаг, хар амиа боддог бэртэгчингүүдтэй тэмцмээр байна. Монголынхоо төлөө тэмцмээр байна, үүний төлөө би зориг гаргаж, УИХ-д нэр дэвшихээр болсон. 

 

УИХ-д нэр дэвшихээр АН-ын сунгаанд ороод гарч чадаагүй. Яг үнэндээ АН-ын удирдлага болон шонхордох гэсэн үйл ажиллагаанаас болоод би нэр дэвшиж чадаагүй. Тэгэхлээр миний УИХ-д нэр дэвшиж Монголынхоо төлөө явах зорилго маань илүү том алсын зорилго байсан учраас зорилгодоо хүрэхийн тулд замдаа байгаа саад тотгорыг  даваад, дийлээд явахаар шийдсэн. Зориглосон, АН-аас гарсан. Би намаас сайн дураараа гарсан шүү,намаас хөөгдөөгүй. Харин гараад явсанаас хойш хагас сарын дараа “чамайг хөөлөө” гэж хашгирах бол үнэндээ инээдтэй зүйл.

 

-Хадбаатарын Золжаргал гэдэг хүнийг Орхон аймгийн залуучууд  дэмжиж байна.  Залуучуудын төлөөлөл, дуу хоолой болж чадах хүн гэдгийг илэрхийлж байна. Ялангуяа залуучуудын дэмжиж байгаа энэ их итгэлийг та яаж харж байна вэ?

 

-Иргэний хөдөлгөөний намыг сонгосон нь энгийн нэг сонголт биш. Би Иргэний хөдөлгөөний намыг өөрөө сонгосон. Яагаад гэвэл энэ нам Монголын залуучуудын холбоотой хамтарч ажиллаж байгаа. Залуучуудын холбоо “Хулгайчгүй Монгол” гэсэн хөдөлгөөн өрнүүлж байгаа. Монголын т өрийг цэвэр ариун болгоё, шударга ёсыг тогтооё, хариуцлагатай болгохын төлөө тэмцэж байгаа. Энэ цаг үед миний үзэл бодолтой монголын залуучуудын холбооны үзэл баримтлал тохирч, нэг зам дээр очиж байна. Тиймээс би Иргэний хөдөлгөөний намыг сонгосон. Залуучууд байнга шинийг хийх хүсэл эрмэлзэлтэй, хүч чадалтай омголон хүмүүс. Би залуучуудтайгаа нийлээд Монголыгоо зөв болгоё, цэвэр ариун болгоё гэж тэмцэнэ.